Доторхыг нь үзэх

“СИТИ SCIENCE” /2021 он Хоёрдугаар улирал №02/

0

Ангилал:

Монголчууд бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл, өөрчлөлтийн талаар “идэвхтэй” ярьсан боловч дорвитой ахиц гарсангүй. Авлига, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хууль, шүүхийн байгууллагын шударга, хараат бус, бие даасан үйл ажиллагаа нэн чухал. Шударга ёсыг тогтооход маш чухал асуудал бол хууль дээдлэх зарчим, тэр тусмаа Үндсэн хуульд төрийн бүх шийдвэр, үйл ажиллагааг нийцүүлэх явдал юм. Гэвч улс орны хамгийн чухал хууль Үндсэн хуулиа сахин биелүүлэхгүй, зөрчих явдал байсаар байгаа нь харамсалтай.

Энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн хууль зүйн ухааны доктор Ц.Мөнхбатын бичсэн өгүүлэлд хууль дээдлэх зарчмын тухай хөндөж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Прокурорын тухай хуулийн зохицуулалтын зарим тулгамдсан асуудлыг тодорхойлж, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг судалгааны үндсэн дээр гаргасан нь чухал ач холбогдолтой юм. Энэ дашрамд дурдахад сэтгүүлийн редакцын зүгээс ч хууль, шүүхийн шинэчлэл, өөрчлөлтийг дэмжсэн бодлого баримтлан ажиллана.

Мөн эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, зөвлөмж болон манай улсын гадаад худалдаанд хамгийн чухал нүүрсний экспорт, дэлхийн нүүрсний зах зээлийн төлөв байдал, Монгол Улсын нүүрсний экспортод БНХАУ-ын эзлэх байр суурь, БНХАУ-ын нүүрсний импортын зах зах зээлд Монгол Улсын  эзлэх байр суурийн талаар сонирхолтой судалгааны ажил нийтлэгдсэн. Мөн зах зээлийн өрсөлдөөнд тэсэж үлдэх, амжилт олох түлхүүрүүдийн нэг инновац, мэдлэгийн хэмжүүрийн тухай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зориулсан саадгүй хувцас зохион бүтээх модуль загварын тухай гэх мэт олон сонирхолтой бүтээлийг энэ удаагийн дугаараас уншаарай.

Сэтгүүлийн редакцын зүгээс манай улсын гадаад худалдааны гол түнш, стратегийн хамтрагч орнууд болох БНХАУ, ОХУ-ын гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг өөрийн орныхтой харьцуулсан судалгааны өгүүллийг онцолж байна. Монгол Улсын гадаад худалдаанд ОХУ 16.53 хувийг эзэлжээ. Тус улсаас импортолсон бараа 2005 онд 0.4 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 1.79 тэрбум ам. долларт хүрч нэмэгджээ. Тэгвэл сүүлийн 15 жилд Монгол – Хятадын гадаад худалдааны эргэлт 71.27 тэрбум ам. долларт хүрсэн бөгөөд 2019 онд 8.85 тэрбум ам. долларт хүрсэн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Гадаад худалдааг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд учирч буй зарим саад бэрхшээлийг даван туулах арга замын талаар өгүүлэлд санал дэвшүүлсэн нь сонирхолтой юм.

Эрхэм уншигч Та бүхэн Сити-Science сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, бүтээлийн талаарх санал, хүсэлтээ info@citi.edu.mn хаягаар ирүүлээрэй. Бид уншигчдынхаа санал, бодлыг анхаарч, сэтгүүлийн үйл ажиллагааг илүү сайжруулахын төлөө идэвхтэй ажиллах болно.

Мэдлэг бол Хүч чадал, Эрх чөлөө Scientia est Potentia, Libertas!

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга байна

Be the first to review ““СИТИ SCIENCE” /2021 он Хоёрдугаар улирал №02/”

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.